2016-09-22 23:56 98 views

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэтэй Хамтын тэтгэврийн хуулийн талаар ярилцлаа.

- Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох санаачлага эрх баригчдаас гарсан. Шалтгаанаа “Иргэд нас барсан хүмүүсийнхээ тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авах хүсэлгүй байгаагаа Д.Чойжилсүрэн сайдад удаа дараа илэрхийлсэн” гэсэн байна л даа. Энэ хуулийг санаачлан батлуулсан хүний хувьд байр суурийг тань сонсох гэсэн юм?

-Нэгдүгээрт, иргэд Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг хүсч байна уу, хүсэхгүй байна уу гэдгийг УИХ-ын дэргэдэх болон бусад судалгааны байгууллагаар судалгаа хийлгээд үзвэл тодорхой харагдана. Хэрэв хэн нэгэн Сангийн сайдад тэгж хэлсэн бол тэр нь тэрбумтнуудын эцэг, эх л байх. Бид маш олон төрийн бус байгууллага, иргэдээс санал, судалгаа авч байж энэ хуулийг боловсруулж, батлуулсан. Одоо ч ахмадууд надад маш их санал гомдол ирүүлж байгаа. Хамтын тэтгэврийн хууль бол нийгмийн захиалгатай хууль байсан.

Хоёрдугаарт, асар их хөрөнгө, мөнгөний хуримтлал бий болгосон хүмүүстэй тэтгэврийн таван төгрөгөөрөө амьдарч байгаа ахмадуудыг яаж жиших юм бэ. Одоо тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмадууд бүгд социализмын үед ажиллаж, амьдарч байсан хүмүүс. Монгол ардын нам тэр үед иргэдийг хувийн өмчтэй байхыг нь хориглодог байсан. Залуудаа цалингаас цалингийн хооронд амьдарч байсан хүмүүс одоо тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдарч байна. Үр хүүхэддээ, ханьдаа өвлүүлэх өмч хөрөнгөтэй болох эрхийг нь ид хийж бүтээх насанд нь хааж боочихоод одоо насны эцэст тэтгэврээ ч өвлүүлэх эрхгүй болгож байна.  Бодит амьдрал ийм л байна. Иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй, нийгмийнхээ хөрсөн дээр буугаагүй тэрбумтнууд үүнийг ойлгохгүй л дээ. Би энэ хуулийг хүчингүй болгож байгаа хүмүүс нэг бол эцэг, эхгүй, үгүй бол тэрбумтнууд л гэж ойлгож байгаа.

-Сангийн сайдын хэлж байгаагаар бол монголчууд шашин уламжлалаа бодсон ч нас барсан ойр дотны хүмүүсийнхээ тэтгэврийг өвлөж авах нь ёс зүйгүй үйлдэл юм биш үү?

-Үнэхээр тэгж хэлсэн гэж үү.

-Тийм ээ, эргэлзээгүй тэгж хэлсэн.

-Үнэндээ хэлэх үг олдохгүй нь. Тэтгэвэр бол тухайн хүний ирээдүйд бий болох эрсдлээс сэргийлэх мөнгөн хуримтлал буюу нэг үгээр хэлбэл “Хадгаламж” шүү дээ. Тэр хүн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө бий болгсон хуримтлалаа үр хүүхэд, хань ижилдээ өвлүүлж үлдээх нь яагаад ёс зүйгүй үйлдэл болох ёстой юм. Харин ч хань ижлийнхээ насан туршдаа бий болгосон хуримтлалаас хүртээд амьдралдаа нэмэр болгоод явж байна гэдэг чинь буян юм биш үү. Тэгэхээр банкинд хадгаламжтай хүн түүнийгээ гэр бүлдээ өвлүүлж үлдээх нь ёс зүйгүй үйлдэл болох нь ээ. Үр хүүхдүүд нь түүнээс нь цээрлэх юм уу. Үгүй шүү дээ. Нас барсан нэгнийхээ эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, өв хөрөнгийг өвлөж авах нь ёс зүйгүй үйлдэл болно гэж хэн хэлсэн юм бэ. Жишээ нь, аавын минь эдэлж хэрэглэж байсан эд зүйлс миний хувьд хамгийн эрхэм нандин зүйлд тооцогддог. Хамгийн үнэ цэнэтэй зүйл маань тэр л байх. Магадгүй зах зээл дээр үнэ хүрэхгүй байх л даа. Гэхдээ надад бол тэр хамгийн үнэ цэнэтэй зүйл. Хамтын тэтгэвэр бол үлдэж байгаа хүмүүстээ тийм л үнэ цэнэтэй зүйл.

- Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын гишүүд “Ургац хураалтаа 1500 ламд даатгах”, “Шашин ёсонд харш учраас Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох” гэх мэтээр эрүүл хүний ухаан санаанд багтамгүй үйлдэл хийж байгааг сөрөг хүчний зүгээс хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Ард түмнээ доромжилж байгаа хэрэг. Монголчууд бид ёс заншил, шашин шүтлэгээ хэнээс ч илүү мэддэг улс. Юу ч мэдэхгүй хүүхэдтэй харьцаж байгаа гэж боддог юм байлгүй.

-Ер Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учрахаар байсан юм уу?

-Энд ямар ч асуудал байхгүй. Жилд дунджаар 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах юм. Сая төсвийн тодотгол оруулж ирэхдээ зарлага талдаа 110 орчим тэрбум төгрөг таначихаад, урсгал зардлаа 500 гаруй тэрбумаар нэмэгдүүлж орж ирсэн. 16 шинэ объектоп зарцуулах гээд байгаа хөрөнгөө хар л даа. Ахмадуудад өгөх мөнгө хажууд нь өчүүхэн харагдана. 16 дэд сайдынхаа унах унаа, цалин хөлс, томилолтын зардлаа тана л даа. Үнэхээр л төсөв хэмнэх гээд байгаа юм бол эдгээр тансаглалаа зогсоо л доо. Оронд нь маш олон ахмадуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж болохоор байна шүү дээ.